Дүүжин тээврийн тулгуур багануудыг ирэх долоо хоногоос суурилуулна www.news.mn
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж байна. Яармагаас Өнөр хороолол чиглэлд 4.2 км үргэлжлэх дүүжин замын тээвэр 6.45-42 метр өндөр 19 ширхэг тулгуур баганатай байхаар төлөвлөгдөж, барилга угсралтын ажил 2025 оны хавар эхэлсэн. Өнөөдрийн байдлаар шон суурийн ажил бүрэн дуусаж, метал хийцийн угсралтыг эхлүүлээд байгаа билээ.
Тэгвэл төслийн хүрээнд Франц Улсаас нийлүүлж буй нийт 150 чингэлэг тоног төхөөрөмжөөс 113 нь Т1–Т19 дугаартай тулгуур баганууд болон хоёр буудлын тоног төхөөрөмжийг агуулсан эхний ээлжийн 67 чингэлэг ачааг төслийн талбайд буулгаад байна.
"Пома" группийн төслийн талбайн инженер Жоан Антониноор ахлуулсан угсралтын баг тулгуур баганын метал эд ангиудын холболт хийж гүйцэтгэсэн бөгөөд үндсэн тулгуур баганыг суурилуулах ажил ирэх долоо хоногоос эхлэх гэнэ.
Харин төслийн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Үндэсний соёл амралтын хүрээлэн чиглэлийн хоёрдугаар шугамыг 2.7 км урттай, гурван зогсоолтой байхаар төлөвлөжээ.
Дүүжин замын тээвэр төсөл нь Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа. Иймд нийтийн тээврийн салбарт олон улсын жишигт нийцсэн, байгальд хоргүй, шинэлэг шийдлийг нутагшуулахад чиглэж буй энэхүү төслийн бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна гэдгийн албаныхан мэдээллээ.
Нийтэлсэн огноо2025-08-13