Татварын хувь хэмжээг бууруулах нь зүйтэй гэж 102623 иргэн саналаа өгчээ www.itoim.mn
2026 оны төсвийн төсөлд E-Mongolia болон Засгийн газрын олон нийттэй харилцах 11-11 дугаарын утсанд ирүүлсэн иргэдийн санал асуулгын урьдчилсан дүнг Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Даваадалай Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Танилцуулгаас үзвэл өнөөдрийн байдлаар 157 мянга гаруй иргэн саналаа өгснөөс боловсрол, эрүүл мэнд, цахилгаан дулааны асуудлаар хамгийн олон санал иржээ.
Тодруулбал, 18395 иргэн төсвийн хэт тэлэлтийг бууруулах нь оновчтой шийдэл гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн татварын хувь хэмжээг бууруулах нь зүйтэй гэж 102623 иргэн саналаа өгчээ.
Саналаа өгсөн иргэдийн олонх нь 2026 оны төсвийн бодлогыг эрүүл мэнд, боловсрол, цахилгаан, дулаан зэрэг салбарт чиглүүлэх ёстой гэж үзжээ. Харин нийгмийн халамж, соёл, спорт, аялал жуулчлал, зам, барилга зэрэг салбарт төсвийн хэмнэлт хийх шаардлагатай гэсэн санал давамгайлж байна. Төсвийн үр ашгийг сайжруулах хүрээнд ямар бодлого нэн тэргүүнд хэрэгжүүлэх, аль салбарын хөрөнгө оруулалтыг 2026 онд тэвчих, татварын шинэчлэлд ямар зарчим баримтлах зэрэг асуултад иргэд саналаа идэвхтэй ирүүлсэн байна.
Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд иргэд, олон нийтийн саналыг "E-Mongolia" цахим системээр дамжуулан авах хугацаа энэ сарын 14-ний өдөр дуусна.
BY
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2025-08-13