Засгийн газарт гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн, малын тэжээлийн гаалийн татвар тогтоох эрх олгохыг дэмжив www.eagle.mn
Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хамтарсан хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Төслийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр танилцуулав. Тэрээр "Манай улсын мал аж ахуй, газар тариалан, хүнсний салбарын үйл ажиллагаа нь уур амьсгалын өөрчлөлт болон олон улсын харилцаанаас үүдэн гарсан үр дагаврууд, эдийн засгийн таагүй нөлөөнд мэдрэг байсаар байгаа бөгөөд цаашид ч үүсэж болзошгүй нөхцөл байдлыг харгалзан үзэж, цаг үеийн шинжтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр гаалийн албан татвартай холбоотой хууль тогтоомжийг өргөн мэдүүллээ. Өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй даван туулах, хүн амын хүнсний хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хангах, стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх зорилгоор 2014-2025 оны хооронд улаанбуудай, улаанбуудайн гурил болон малын тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх хүрээнд нийт найман удаа тусгайлан хууль гаргаж зохицуулж ирсэн байна.
2025 оны байгаль цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан баруун бүсийн хэмжээнд хур тунадас бага, гантай байснаас улбаалан байгалийн хадлан, өвс тэжээлийн гарц муу, улаанбуудайн тариалалт, ургац хураалт өмнөх жилүүдээс харьцангуй бага байх төлөвтэй зэрэг тариалангийн үйлдвэрлэлийн бодит нөхцөл байдалд тулгуурлан улаанбуудайн гурил, мал амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийн хангамж, нийлүүлэлт тухайн бүс нутагт доголдох нөхцөл байдал үүсэж болзошгүй байна. Иймээс баруун бүсийн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Жангабыл болон нэр бүхий 64 гишүүнээс Баян-Өлгий аймгийн Цагаан нуур, Ховд аймгийн Ярант, Увс аймгийн Боршоо, Завхан аймгийн Арцсуурь, Говь-Алтай аймгийн Бургастай боомтоор улаанбуудайн гурил, малын тэжээл, тэжээлийн нэмэлтийг импортлох боломжоор хангаж, гаалийн албан татвараас чөлөөлөх хүсэлт ирүүлсэн. Иймд хөдөө аж ахуйн салбарт үүссэн бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж, алслагдсан бүсийн хүн амын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний нэг болох улаан буудайн гурилын хангамж, нөөц тасалдахгүй байх, байгаль цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалсан малын тэжээлийн хомсдол үүсэж болзошгүй хүндрэлийг даван туулахад тухай бүр Засгийн газрын хүрээнд шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай тул тогтоолын төслийг боловсруулсан" гэв.
Тогтоолд нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 58.6 хувь нь дэмжив.
Нийтэлсэн огноо2025-11-26





