2040 он гэхэд дугуйн замын нийт уртыг 1677 км урт болгохоор төлөвлөжээ www.news.mn
Нийслэлийн хэмжээнд стандартын шаардлага хангасан дугуйн зам маш ховор. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 101.7 км урт дугуйн зам байна. Тэгвэл нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 2026-2028 онд нийт 253 км урт дугуйн замын барилгын ажил хийхээр төлөвлөжээ. Үүнээс 2026 онд 78.5 км урт дугуйн зам барих нарийвчилсан зураг төслийг боловсруулж байгаа аж. Үүнээс Сүхбаатар дүүрэгт 15.17 км, Чингэлтэй дүүрэгт 3.6 км, Баянзүрх дүүрэгт 28.23 км, Баянгол дүүрэгт 18.74 км, Хан-Уул дүүрэгт 9.18 км, Сонгинохайрхан дүүрэгт 3.6 км дугуйн зам барихаар төлөвлөсөн байна. Дугуйн замын нийт уртыг 2040 онд 1677 км хүргэнэ гэдгийг албаныхан мэдээлэв. Ингэхдээ “20 минутын хот” үзэл баримтлалд тулгуурласан, авто замын хөдөлгөөнөөс тусдаа, бие даасан дугуйн тээврийн хэрэгсэл явах боломжтой, ногоон байгууламжийг тусгасан байдлаар төлөвлөж байгаа ажээ.
Энэ онд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас 54.2 км урт, 205,414 ам.метр талбай бүхий дугуйн болон явган замын 14 төсөл, арга хэмжээнд хяналт тавин хэрэгжүүлж байна. Үүнээс 73,410 ам.метр талбайг угсарч дууссан бөгөөд нийт ажлын явц 41 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Мөн энэ онд “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас 11770 ам.метр талбайд дугуйн зам, явган замын ажлыг гүйцэтгэж байна. Улаанбаатар хотод хүн ам олноор суурьшиж байгаа учраас дугуйн замыг иргэдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан байдлаар явган хүний зам, авто замтай уялдуулан төлөвлөж байгаа гэнэ.
Нийтэлсэн огноо2025-11-28





