П.Наранбаяр сайд хүүхдийн эрхийг хохироож байна гэв www.news.mn
Боловсролын сайд П.Наранбаяр ирэх долоо хоногоос эхэлж нийслэлийн хэмжээнд бага ангийн сурагчдыг цахимд шилжүүлнэ гэж мэдэгдсэн. Тодруулбал, нийт томуу, томуу төст өвчлөлөөр өвдөж буй иргэдийн 80 орчим хувийг 0-15 насны хүүхдүүд эзэлж эрүүл мэндийн байгууллага ачааллаа дийлэхгүй байна. Тиймээс ирэх долоо хоногоос эхэлж нийслэлийн хэмжээнд бага ангийн сурагчдын хичээлийг цахим хэлбэрт шилжүүлэхээр болсон байна гэсэн юм.
Тэгвэл салбарын сайдын энэ шийдвэрийг Монголын хувийн сургуулиудын холбооноос эсэргүүцэж, шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад энэ шийдвэр нь ямар нэг урьдчилсан судалгаа, эрсдэлийн үнэлгээ, багш болон эцэг эхийн оролцоотой зөвшилцөлгүйгээр хэт богино хугацаанд хэрэгжүүлэх байдлаар гарсан нь сурагчдын сурч боловсрох үндсэн эрхэд ноцтой халдаж, хууль зөрчиж байна гэжээ. Мөн сургуулийн сургалтын хэвийн үйл ажиллагааг доголдуулж, бага насны хүүхдийн цахим хэрэглээг нэмэх эрсдэлтэй бөгөөд хүүхдийн эрхийг хохироосон бодлогын хувьд буруу жишиг тогтоож байгааг онцолсон байна.
Нийтэлсэн огноо2025-11-28





