Н.Наранбаатар: Энэ онд нүүрсний экспортын хэмжээг 90 сая тоннд барина www.montsame.mn
УИХ-ын Төсвийн байнгын хороо 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 25 удаа хуралдаж, 44 асуудлын хүрээнд долоон хууль, УИХ-ын гурван тогтоолыг батлуулж, яам, агентлаг, харьяа байгууллагын 8 тайлан, мэдээллийг шийдвэрлэж, байнгын хорооны 7 тогтоолыг баталжээ.
Төрийн ордонд өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр байнгын хорооны дарга Н.Наранбаатар, нүүрсний зах зээлийн үнийг тонн тутамд 70 ам.доллар, экспортын хэмжээг 90 сая тоннд хүргэх, зэсийн зах зээлийн үнийг тонн тутамд 9,700.0 ам.доллар, зэсийн баяжмалын экспортыг 1.9 сая тоннд хүрэхээр тооцсоны үр дүнд төсөвт уул уурхайн салбараас 9.3 их наяд төгрөгийг төвлөрүүлэхээр тооцож баталсан. Энэ онд нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 33.0 их наяд, улсын төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 22.9 их наяд төгрөгөөр тус тус баталснаас урсгал зарлагыг 24.9 их наяд, хөрөнгийн зардлыг 8.6 их наяд төгрөгөөр, эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүнг 490.4 тэрбум төгрөгөөр тооцсон гэв.
Багш нарын үндсэн цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 742.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх, мөн оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2,8 сая төгрөгт хүргэхээр тооцоолж, боловсролын салбарын санхүүжилтийг 518.6 тэрбум төгрөгөөр, эмч, эмнэлгийн байгууллагын ажиллагсдын цалинг 15 хувиар нэмэгдүүлэхээр тооцож, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг 190.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, мөн төрийн өмчийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилчдын цалинг 15 хувиар, ахмад настны болон халамжийн тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан 8.6 хувиар, хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэвэр болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьжиргааг дэмжих тэтгэмжийг 20 хувиар тус тус нэмэгдүүлэхээр тооцож, санхүүжилтийг сайдуудын багцад нэмж тусгасан гэв.
2026 оны төсвийн жилд улсын төсвийн хөрөнгөөр 11.1 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй, нийт 738 төслийг 3.3 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгасныг байнгын хорооны дарга мэдээллийнхээ үеэр онцолж байлаа.
Нийтэлсэн огноо2026-01-10





