Хүн 18 мод тарихад насан туршдаа амьсгалах агаараа эх дэлхийдээ буцааж өгдөг www.gogo.mn
Мод тарих нь байгаль орчинд төдийгүй эдийн засгийн хувьд асар өндөр ач холбогдолтой нөхөн сэргээгдэх баялаг юм. Үүнийг судалгааны дүнгээр баталгаажуулъя. Эдийн засгийн ач холбогдлыг нь шууд болон дам гэж хоёр хувааж болно.
Тухайлбал, түүхий эдийн эх үүсвэр буюу барилга, тавилга, цаас, био-эрчим хүчний суурь материал нь мод болдог.
Үүнээс гадна, ойн аж ахуй, мод боловсруулах, бэлтгэх, модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжүүлэх, экспортын салбарт нэмүү өртөг бий болгох замаар эдийн засгийн шууд ач холбогдолтой гэж эрдэмтэд дүгнэжээ.
ОХУ, Канад зэрэг улс тааварлаг чанар өндөртэй мод тарьж, экспортлох замаар эдийн засгийн орлогоо бүрдүүлдэг бол дэлхийд хамгийн их модыг импортоор авдаг улс нь Япон юм. Сүүлийн жилүүдэд БНСУ зах зээл дээр үнэлгээ өндөртэй нарс модыг ирээдүйд ашгаа өгнө гэдэг шалгуураар түлхүү тарих болжээ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2020 оны А/176 тоот тушаалаар зургаан метрээс дээш өндөртэй өсвөр залуу шилмүүст нэг модны экологи-эдийн засгийн зах зээлийн үнэлгээг 977 мянган төгрөгөөр тогтоожээ.
Харин экосистемийн үйлчилгээ буюу хөрс хамгаалж, хур тунадасны зохицуулагч болсноор хөдөө аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлж, ургацын чанарыг дэмждэг.
Жишээлбэл, га-гаас авах ургацын хэмжээ нэмэгдэх, ургацын чанарт сайнаар нөлөөлөхийн зэрэгцээ жимс жимсгэний мод их тарих нь хүн амаа экологийн цэвэр хүнсээр хангах гээд олон талын ач холбогдолтой.
Үүнээс гадна, уур амьсгалын үнэ цэн нь үнэлж баршгүй. Нүүрстөрөгч шингээж, ногоон эдийн засгийн суурь болдог
skip-share
1 га ой нэг цагийн дотор ойролцоогоор 8 кг буюу 200 хүний ялгаруулсан нүүрсхүчлийн хийг шингээх чадалтай хамгийн үр дүнтэй агаар цэвэршүүлэгч.
Манай Улаанбаатар хот шиг агаарын бохирдол ихтэй нийслэлд хамгийн зардал багатай, үр дүн өндөртэй агаар цэвэршүүлэгч бол мод юм.
Хүн 18 мод тарихад насан туршдаа амьсгалах агаараа эх дэлхийдээ буцааж өглөө гэсэн үг. Үүнээс гадна хот суурин газарт өвчин үүсгэгч нянгийн эсрэг өндөр үйлчлэлтэй бодисыг ялгаруулдаг зэрэг байгалийн чадварыг нь тооцвол мөнгөн дүнгээр илэрхийлж баршгүй стратегийн ач холбогдолтой бараа бол мод юм.
Зуны улиралд нарийн ширхэгт тоосонцрыг 50 хувь, өвлийн улиралд 37 хувиар бууруулж, агаарын чийгшлийг 5 хувиар өсгөж, цаг агаарын хэт халалтыг 10–15 хувиар бууруулах “тэр ид шид” бидний өдөр бүр хажуугаар нь анзааралгүй алхаж өнгөрдөг ой модонд байдаг байна.
Нэгтгээд дүгнэвэл, мод нь байгаль хамгаалал ба эдийн засгийн өсөлтийг зэрэг хангадаг стратегийн баялаг юм.
Манай орны хувьд ойн сангийн нөөц нь 1,243 тэрбум м³ гэж явдаг бөгөөд дэлхийд ойн нөөцөөрөө 16-р байранд ордог. Ойн сангийн 66.2% нь ургаа мод бол 13.9% нь босоо хатсан мод, харин 20 орчим хувь нь унанга мод эзэлж байна.
“Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөний үр дүнд өнөөдрийн байдлаар 150 сая мод тариад байгаа бол 2026 оныг үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх жил болгон зарласан. Банкны салбарынхан хамтран 50 сая мод тарих амлалт авч, банкны салбарынхны хамтран байгуулсан Тэрбум мод сан нь өнөөдрийн байдлаар 3.451 сая мод тарьж, ургалтын хувь 90-ээс дээш хувьтай байна.
Эх сурвалж: Тэрбум мод
Нийтэлсэн огноо2026-01-26





