Монгол, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв www.montsame.mn
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Майкл ДеСомбрэг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улс, АНУ-ын Стратегийн түншлэл бэхжин хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, уул уурхайн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, энэ хүрээнд хувийн хэвшил хоорондын түншлэлийг дэмжих, хөрөнгө оруулалт татахад ач холбогдол өгч байгаагаа онцлов.
АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга М.ДеСомбрэ Ерөнхий сайдыг хүлээн авч уулзсанд гүн талархал илэрхийлээд, АНУ-ын Засаг захиргаа Монгол Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд өндөр ач холбогдол өгч ирснийг онцлов. Монгол Улс АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын санаачилсан “Энхийн зөвлөл”-ийн үүсгэн байгуулагч гишүүн улсуудын нэг болж, олон улсын энх тайван, тогтвортой байдлыг эрхэмлэгч улс гэдгээ дахин нотолсонд талархлаа илэрхийлж, цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар, ноён ДеСомрэ нар хоёр улсын нийт 460 орчим сая ам.долларын хамтын санхүүжилт бүхий АНУ-ын Мянганы сорилтын сангийн Усны компакт гэрээ 2026 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болж, тус Компактын нэгэн чухал үр дүн болох Улаанбаатар хотод Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсонд баяртай байгаагаа тэмдэглэв гэж ЗГХМОНХГ-аас мэдээлэв.
Нийтэлсэн огноо2026-03-17





