Килограмм нөөцийн махнаас ₮300 ашиг олдог дэлгүүрүүдийг цагдаагаас ШАЛГАЖ эхэлжээ www.eguur.mn
Нөөцийн махны нийлүүлэлт ховордож улмаар худалдааны махны үнэ "тэнгэрт тулж" нэг килограмм нь ₮37-39 мянга болсон. Тэгвэл Монгол Улсын Засгийн газраас "махны үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргаж, нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн нөөцийн махны үлдэгдэл болох 1,400 тонныг үе шаттайгаар шуурхай худалдаанд гаргахаар шийдвэрлэсэн.
Улмаар өчигдөр буюу энэ сарын 19-наас эхлэн нийслэлийн зургаан дүүрэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэлсэн бөгөөд үхрийн махыг килограмм тутамд нь 15,000 төгрөгөөр, хонины махыг 13,000 төгрөгөөр худалдаалж эхэлсэн. Тухайлбал, нийслэлийн төвийн 6 дүүрэг тус бүрийн байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулж буй.
Тодруулбал,
Баянгол дүүрэгт “Байгаль эх” цогцолборт,
Баянзүрх дүүрэгт Жуковын талбайд,
Чингэлтэй дүүрэгт “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд,
Хан-Уул дүүрэгт Төв цэнгэлдэх хүрээлэнд,
Сонгинохайрхан дүүрэгт “Цамбагарав” худалдааны төвийн гадна талбайд,
Сүхбаатар дүүрэгт “Хангай” хотхоны гадна талбайд худалдаалж байгаа юм.
Мөн ирэх лхагва гарагаас эхлэн сүлжээ дэлгүүрүүдээр, пүрэв болон баасан гарагаас гэрээт хүнсний дэлгүүрүүдээр нөөцийн махыг дээрх үнээр худалдаалж эхлэх юм байна. Түүнчлэн жил бүрийн зургаадугаар сарын 15-ныг хүртэл худалдаалдаг байсан нөөцийн махыг энэ жил долоодугаар сарын нэгэн хүртэл худалдаалах шийдвэр гарсан.
Харин иргэдийн дунд "гэрээт хүнсний дэлгүүрүүдэд нөөцийн мах байдаггүй. Ирснийг нь танил талаа харж өгдөг. Цаашлаад нэг хүнд олноор нь өгч үнийг нь өсгөн дамлаж зардаг" гэх хардлага байна. Иймд бид нөөцийн мах худалдаалдаг худалдаа эрхлэгчээс энэ талаар тодруулсан юм.
-Нөөцийн махнаас ₮300 төгрөгийн ашиг олдог. Түүгээр нь хөлдөөгч ажиллуулсан цахилгааны мөнгөө арай гэж төлдөг-
Тэрбээр "Жил бүр дүүрэг бүрд тодорхой хэдэн дэлгүүрүүд өөрсдөө хүсэлт гаргах, зарим тохиолдолд дүүргээс санал тавих зэргээр нөөцийн мах худалдаалах гэрээг нийлүүлэгч компани, дүүрэг, дэлгүүр гэх мэт гурван талд гэрээ байгуулдаг. Гэрээнд зааснаар бид үнэ нэмж зарах боломжгүй нэг килограмм махнаас ₮300 төгрөгийн ашиг гардаг. Харин бага хэмжээний нөөцийн мах зардаг дэлгүүрүүд ашиг олох нь бүү хэл алдагдалд ордог. Тухайн ирсэн махыг хадгалахын тулд 3-4 хөлдөөгч хэрэг болно. Түүнийг ажиллуулах цахилгааны мөнгөнд өнөөх ₮300 нь арай гэж л хүрдэг. Тиймээс алдагдалтай ажилласан үеүд цөөнгүй.
-Гэрээт дэлгүүрүүдэд нөөцийн мах байдаггүй гэж иргэд ярьж байсан. Цаад нийлүүлэгч компани нь хугацаандаа махаа өгөхгүй асуудал үүсгээд байдаг юм уу. Яг ямар асуудал байдаг юм?
-Дэлгүүрүүдээр нөөцийн мах байхгүй нь үнэн. Өвөл харьцангуй гайгүй байсан гэтэл өнгөрсөн хоёр сараас эхлээд нөөцийн махны эрэлт ихэссэн. Манайд мах нийлүүлдэг байсан "И Эн Пи" ХХК өнгөрсөн гуравдугаар сараас солигдож "Чойбалсан групп" ХХК болсон. Өмнөх компани цаг тухайд нь махаа нийлүүлдэг байсан бол "Чойбалсан групп" ХХК болж солигдсоноор 3-4 удаа мах авчирч өгсөн байх. Ингэхдээ нэг ирэхдээ 20-30 уут буюу 80-100 кг мах авчирдаг. Өнгөрсөн сарын сүүлээр бүр ирэхээ больсон. Одоогоор бол тасарсан байдалтай, хөргөгч хоосон байна. Ирэх долоо хоногийн дундуур ирнэ гэсэн мэдээлэл цахимаас авсан.
-"Дэлгүүрийн худалдагч нар өөрсдийнхөө таньдаг хүнд олон тоогоор нь өгч цааш нь дамлаж зардаг" гэсэн иргэдийн хардлага байсан?
-Үнэхээр тэгэх боломжгүй. Надад дэвтрийн гурван хуудас дүүрэн утасны дугаар байна. Мах ирэхээр хэл дуулгаарай гэсэн хүмүүсийн дугаар. Манайх яг хэлсэн дарааллаар нь дугаарыг нь тэмдэглэж авч мах ирэнгүүт нь залгаж хэлдэг. Хэрэвзээ ямар нэгэн байдлаар утас нь холбогдохгүй бол дараагийн хүнд нь хэлнэ. Энэ нь харин ч нэг хүн нөөцийн махыг олноор авч, цааш дамлаж зарахаас сэргийлдэг.
-Нөөцийн мах хайсан иргэд таны хэлдэг шиг зүйл ярьж бидэн рүү дайрах нь цөөнгүй. "Та нар таньдаг хүмүүстээ өглөө, яахаараа мах байдаггүй юм. 1111 төвд гомдол гаргана" гэх мэт хэл ам тасрахгүй. Сая гэхэд л дүүргийн цагдаагаас нөөцийн махтай холбоотойгоор дуудаж шалгаж байна. Нийлүүлэгч компаниасаа нийт хэдэн кг мах авсан, иргэдэд худалдаалсан үнийн дүн, тайлан тооцоо зэргийг шалгасан.
-Нөөцийн мах худалдаалснаар танайд ямар ашигтай байдаг юм?
-Нэг кг тутамд нь ₮300 төгрөгийн ашиг гардаг юм. Нэг доор нөөцийн махыг олноор нь худалдаалж чадахгүй учраас ашиг гэхээсээ илүү алдагдал хүлээдэг. Тухайлбал, манайх нөөцийн маханд зориулж гурван хөлдөөгч гаргасан, түүний цахилгааны төлбөрийг төлж хүрэхгүй хэмжээнд байдаг. Үүн дээр НӨАТ-ын баримт хэвлэж өгөх цаас, банк хоорондын гүйлгээний шимтгэл зэрэг жижиг ч гэсэн урсгал зардлууд их. Нөөцийн мах худалдаалсны ганц давуу тал нь үйлчлүүлэгчээ л татах юм даа. Манайх сүүлийн зургаан жил тасралтгүй нөөцийн мах худалдаалж байна.
-Сүүлийн зургаан жил нөөцийн мах худалдаалж байгаа гэж байна. Өмнөх жилүүдээс нөөцийн махны чанар хэр байна гэж дүгнэх вэ?
-Шууд хэлэхэд муу гэж дүгнэнэ. Хонь гэхэд гуяны мах хэзээ ч ирж байгаагүй. Дийлэнхдээ яс ихтэй, хатсан, туранхай мах ирнэ. Энэ жилийн тухайд "И Эн Пи" ХХК мах чанар муутай байсан гэж хэлнэ. Харин сүүлд манайд мах нийлүүлж эхэлсэн "Чойбалсан групп" ХХК мах харьцангуй сайн байсан.
-Иргэд: 8.1 кг үхрийн мах 121,500 төгрөг болж байна. Цаашид нөөцийн мах тогтворжвол махны үнэ буурах байх-
Бид өчигдөр болсон нөөцийн махны өргөтгөсөн худалдаанаас мах авахаар дараалж буй иргэдээс байр суурийг нь тодруулахад "Гэрийн ойролцоо дэлгүүрүүдээс нөөцийн мах огт олдохгүй байсан. Арга барахдаа "мах буунгуут нь залгаарай" гэж дэлгүүрийн худалдагчаас нь гуйж байх уу дээ. Энэ жил ганц удаа л нөөцийн мах авах аз завшаан тохиосон. Түүнээс биш хүссэн үедээ гараад авдаг элбэг зүйл байхаа болиод удаж байна. Ганц удаа авахад мах нь яс ихтэй, ялангуяа хонины мах нь хатсан хальстай байсан. Хадгалах нөхцөлөөс болоод тийм байдаг юм болов уу гэж ойлгосон. Угтаа нэг уут нь 3 кг гэдэг ч бодит байдал дээр 2,5-2,8 кг жинтэй байдаг. Нөөцийн мах ховордож зах зээлд эрэлт ихсэхээр "Хүчит Шонхор" захын худалдааны махны үнэ өсдөг. Би саяхан очиж тэмээний мах авахад лангуу болгон дээр өөр, өөр үнэтэй байсан. Эхэлж ороод асуухад ₮18 мянга гэж байсан мах хэсэг хугацааны дараа ₮19 мянга болчихсон байх жишээтэй. Махны худалдаа эрхлэгч нар хоорондоо үгсэн хуйвалдаж үнээ дураараа нэмдэг байдлаа болих хэрэгтэй" гэлээ.
Иргэн 2: "8.1 кг үхрийн мах авахад 121,500 төгрөг болж байна. Захаас мах авахаас харьцангуй хямд үнэтэй юм даа. Нэг хүнд гурван уутаас дээш өгөхгүй байна. Энэ хавар нөөцийн мах авч чадаагүй, олдоогүй. Худалдааны махыг нэг килограммыг нь ₮24 мянга орчмоор авдаг байсан. Ястай мах учраас гурван уутыг нь 2-3 хоногт л хэрэглэх байх. Боломж нь байдаг бол нөөцийн махыг хүртээмжтэй бүтэн гулуузаар нь зардаг бол бидэнд хэрэгтэй байна. Ойр ойрхон нөөцийн мах хайж явахгүй амар. Нөөц боломж нь байдаг бол төвлөрсөн цэг болон дэлгүүрүүдээрээ нэгэн зэрэг махаа зараад эхэлбэл сайн л байна" хэмээн ярилаа.
Иргэн 3: "Гэрийн ойролцоо дэлгүүрт сар орчмын өмнө нэг ирсэн байх. Ирсэн даруйдаа дуусчихсан учраас авч чадаагүй. Өдөр болгон орж асуухад ирээгүй гэдэг. Нөөцийн мах иргэдэд олдохгүй болохоор эрэлт ихсэж худалдааны махны үнэ тэнгэрт тулсан. Албаар махны үнээ өсгөх гээд нөөцийн махаа нийлүүлдэггүй юм болов уу гэж сүүлдээ хардахад хүрлээ. Одоо ямар ч байсан нөөцийн мах авах гээд дарааллаа хүлээгээд зогсож байна. Нэг хүнд гурван уут буюу 6-8 кг мах өгч байна гэсэн түүнийг нь долоо хоног хэрэглэх байх" гэв.
Нөөцийн махны талаар дэлгэрэнгүй агуулга унших бол:
Нийтэлсэн огноо2026-05-20





