Рио Тинто групп: Оюу толгойн тогтвортой үйлдвэрлэлийг баталгаажуулж Монголын Засгийн газрын саналыг зөршөөрсөн www.itoim.mn
Монгол Улсын Засгийн газар Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч Рио Тинто групптэй хийх хэлэлцээ долоон сар үргэлжилсний эцэст эхний тохиролцоонд хүрснийг Монголын талаас өчигдөр мэдээлсэн. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас тавьсан Оюу толгой төслийн менежментийн зардлыг хоёр дахин багасгаж, улмаар Монголын талын өгөөж 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэхээр талууд тохиролцсоныг манай талаас баталгаажуулсан юм. Тэгвэл өчигдөр орой "Рио Тинто Монгол"-оос талуудын хэлэлцээний талаар албан мэдээ гаргасныг хүргэж байна.
Рио Тинто групп: Оюу толгойн менежментийн гэрээний хүрээнд Монгол Улсын Засгийн газартай тохиролцоонд хүрлээ
Албан мэдээ:
Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн асуудлын хүрээнд Монгол Улсын Засгийн газартай хийсэн хэлэлцээний үр дүнд Рио Тинто групп Монгол Улсын Засгийн газрын саналыг хүлээн зөвшөөрч, менежментийн үйлчилгээний нийт зардлыг 50 хувиар бууруулахаар тохиролцлоо.
Долоон сарын хугацаанд үргэлжилсэн яриа хэлэлцээгээр талууд Оюу толгойн урт хугацааны тогтвортой үйлдвэрлэлийг баталгаажуулах, харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмыг харгалзан энэхүү шийдэлд хүрсэн болно.
Энэхүү тохиролцоо нь Монгол Улсын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой төдийгүй түншлэлийг улам бэхжүүлэхэд чиглэж байна.
Бид Оюу Толгойг дэлхийн хэмжээний зэсийн уурхай болгон хөгжүүлэх зорилгын хүрээнд Монгол Улсын Засгийн газартай нээлттэй, ил тод, үр бүтээлтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно гэжээ.
Нийтэлсэн огноо2026-05-20





