Путины айлчлалын үеэр "Сибирийн хүч 2" хийн хоолойн талаар дэлгэрэнгүй хэлэлцэнэ www.eagle.mn
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины БНХАУ-д хийх айлчлал эхэлж байна. Өчигдөр үдэш онгоцны буудалд түүнийг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И угтан авчээ. Лхагва гараг айлчлалын гол өдөр бөгөөд Бээжингийн төв талбайд Ерөнхийлөгчийг албан ёсоор угтан авсаны дараа Путин, Ши Жиньпин нар хэлэлцээр хийх юм.
Кремль өмнө нь энэ айлчлалаас өндөр үр дүн хүлээж буйгаа илэрхийлж, удирдагчдын хоорондох аливаа харилцаа холбоо нь цаашдын хөгжилд түлхэц болно гэж тэмдэглэж байсан. "Энэхүү үйл явдлыг Москва, Бээжингийн аль аль нь нэн чухал гэж үзэж байна" хэмээн Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлжээ.
Путины өмнөхөн Дональд Трамп Бээжинд айлчилсан ч Орос, АНУ-ын удирдагчдын айлчлалын хооронд ямар ч холбоо байхгүй гэж Песков нэмж хэлсэн юм. Оросын Ерөнхийлөгчийн Хятадад хийх айлчлалын товыг хоёрдугаар сард тохиролцсон бол АНУ-ын Ерөнхийлөгч гуравдугаар сарын сүүл эсвэл дөрөвдүгээр сарын эхээр Бээжинд айлчлахаар төлөвлөж байсан ч Ирантай холбоотой үйл явдлуудаас болж түүний айлчлалыг 5-р сарын 13-15 хүртэл хойшлуулсан гэдгийг санууллаа.
"Удахгүй болох Хятад-Оросын хоёр талын уулзалтууд нь хятад, америкчуудын хооронд болсон уулзалтуудын талаар санал бодлоо солилцох сайхан боломжийг олгоно" гэж Песков хэлэв.
Ерөнхийлөгчийн шадар туслах Юрий Ушаковын хэлснээр Орос-Хятадын хэлэлцээ Путин, Ши Жиньпин нарын хувийн уулзалтаар эхэлж улмаар бусад төлөөлөгчид оролцсон өргөтгөсөн хэлэлцээр явагдана. Үүний дараа Орос, Хятадын Ерөнхийлөгч нар хамтарсан баримт бичигт гарын үсэг зурж, хэвлэлийн мэдэгдэл хийх аж.
Удахгүй болох хэлэлцээрүүд олон сэдвийг хамарна. Путин, Ши Жиньпин нар хоёр орны иж бүрэн түншлэл, стратегийн хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх арга замуудын талаар хэлэлцэж, олон улсын болон бүс нутгийн гол асуудлаар санал солилцох төлөвтэй байна. Эдийн засгийн асуудлууд ч мөн хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаж байгаа аж.
Ялангуяа Оросын Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлалын үеэр "Сибирийн хүч 2" хийн хоолойн талаар дэлгэрэнгүй хэлэлцэх болно. Ушаков өмнө нь "Энэ сэдвийг маш нарийвчлан хэлэлцэх болно. Хэлэлцэх асуудлын жагсаалтад байгаа хийн хоолойн асуудлыг бид нухацтай авч үзэхээр шийдсэн" гэж мэдэгдэж байсан юм.
Путиныг Бээжинд таван шадар сайд болох Денис Мантуров, Татьяна Голикова, Александр Новак, Юрий Трутнев, Дмитрий Чернышенко нараас гадна Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Хөдөө аж ахуйн сайд Оксана Лут, Соёлын сайд Ольга Любимова, Тээврийн сайд Андрей Никитин, Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Решетников, Сангийн сайд Антон Силуанов, Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн сайд Ирек Файзулин, Боловсрол, шинжлэх ухааны сайд Валерий Фальков нар дагалдаж байна.
Мөн томоохон бизнесийн төлөөлөгчид тэр дундаа Роснефть, Газпром, Росхими, НОВАТЭК-ийн удирдлагууд айлчлалын бүрэлдэхүүнд багтжээ.
Айлчлалын хөтөлбөр Орос-Хятадын боловсролын жилийн нээлтийн ёслолоор үргэлжилнэ. Мөн ер бусын нэгэн уулзалт багтсан нь Владимир Путиныг 26 жилийн өмнө Хятадад анх удаа айлчлах үед нь танилцаж байсан жаалхүү өдгөө инженерээр ажиллаж байгаа нэгэн хүнтэй уулзуулахаар төлөвлөж байна.
Дараа нь Оросын Ерөнхийлөгч Хятадын Ерөнхий сайд Ли Цянтай уулзаж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэх болно.
Айлчлалын төгсгөлд Путин, Ши Жиньпин нар маш чухал цайны яриа өрнүүлж олон улсын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх аж. Ушаковын мэдээлснээр, цайны ёслолд хоёр талаас ердөө дөрвөн хүн урьсан байна. "Хоёр удирдагчийн цайны яриа бол айлчлалын хамгийн чухал үйл явдлуудын нэг юм. Бид Хятад найзуудынхаа адил энэ цайны үдэшлэгийг аль болох удаан үргэлжлүүлэхийг хүсэж байна" гэж Ушаков хэллээ.
Нийтэлсэн огноо2026-05-20





