Монгол ноолуур газар зүйн заалтын гэрчилгээ авлаа www.cnbc.mn
• Ноолуурын өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор “Хамгаалагдсан газар зүйн заалттай монгол ноолуур”-ыг Оюуны өмчийн газарт албан ёсоор бүртгэжээ.
• Монгол ноолуурыг байгалийн 5 өнгөөр бүртгэсэн байна.
• Европын зах зээлд монгол ноолуурын танигдах чадвар нэмэгдэнэ.
Монгол ноолуурын өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор “Хамгаалагдсан газар зүйн заалттай монгол ноолуур”-ыг Оюуны өмчийн газарт албан ёсоор бүртгэж, гэрчилгээг нь гардан авсан талаар Монголын ноос ноолуурын холбооноос мэдээллээ.
Энэхүү бүртгэлээр монгол ноолуурыг байгалийн үндсэн таван өнгө болох цагаан, цагаан цайвар, хөх саарал, бор, хар бараан өнгөөр олон улсад, тэр дундаа Европын зах зээлд ялган таниулах боломж бүрдэж байна. Монгол орны газар зүйн онцлог, уур амьсгал нь ноолуурын өнгө, ширхэгтийн чанарт шууд нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоожээ.
Монголын ноос ноолуурын холбоо ямааны үүлдэр, тархалт, өнгөний судалгаа болон ноолуурын чанарын шинжилгээг дотоод, гадаадын байгууллагуудтай хамтран хийсэн байна. Мөн Японы Киотогийн технологийн их сургуулийн лабораторид таван өнгийн ноолуурын боловсруулалтын чанарын үзүүлэлтийг судалжээ.
ХХААХҮЯ-ны мэдээлснээр, гарал үүсэл болон газар зүйн мэдээлэлд суурилсан энэхүү тогтолцоо нь монгол ноолуурын өнгө, чанарыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталгаажуулж, Европын зах зээл дэх танигдах чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Мөн дэлхийн ноолуурын нийлүүлэлтийн томоохон хэсгийг бүрдүүлдэг Монгол Улсын экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хөшүүрэг болох юм.
Нийтэлсэн огноо2026-06-23





