Нийслэл төсвөө хоёр дахь удаагаа тодотгож, түлшний зардалд 310 тэрбум төсөвлөв www.itoim.mn
Нийслэл он гарсаар хоёр дахь удаагаа төсвөө тодотголоо. Сүүлийн жилүүдэд нийслэлийн төсвийг жилдээ дор хаяж 2 удаа тодотгодог жишиг тогтсон. 2026 оны энэ удаагийн тодотгол ч үүний үргэжлэл боллоо. Гэхдээ өмнөх болон энэ удаагийн тодотголын зорилго ялгаатай байна. Гуравхан сарын өмнө хийсэн эхний тодотголоор COP-17 бага хурлын бэлтгэл ажил болон Улаанбаатар трам төслийг эхлүүлэхэд шаардлагатай хэдэн зуун тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэрийг төсөвт тусгаж байв. Харин энэ удаагийн тодотгол илүүтэй урсггал шинжтэй, тулгамдсан хэрэгцээг санхүүжүүлэхэд чиглэжээ. Тодруулбал, өвөлжилтийн бэлтгэл хангах, хагас кокс болон сайжруулсан шахмал түлш худалдан авах, шатахууны үнийн өсөлтөөс үүдсэн нийтийн тээврийн нэмэлт зардлыг нөхөх, хот тохижилтын санхүүжилтийг нэмэх зэрэг нь тодотголын гол шалтгаан болов. Үүнээс гадна төсвийн орлогын бодит гүйцэтгэл, он дамжин зарцуулагдах хөрөнгийн үлдэгдлийн хэмжээ анхны төсөөллөөс өөрчлөгдсөн нь төсвийн эх үүсвэрийн тооцоог дахин шинэчлэх шаардлагыг бий болгожээ.
Энэ удаагийн тодотголын онцлох өөрчлөлт нь шинэ эх үүсвэр татахаас илүүтэй өмнө нь батлагдсан боловч хэрэгцээ шаардлага нь сул хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнээс мөнгө чөлөөлж, тулгамдсан хэрэгцээ рүү шилжүүлэв. Тодруулбал, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу гэрээ байгуулагдаагүй, төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр батлагдсан хөрөнгийн төсөл арга хэмжээний зардлыг 443.2 тэрбум төгрөгөөр бууруулж, ажлын гүйцэтгэлтэй уялдуулж, хөрөнгийн төсөл арга хэмжээний зардлыг 25.3 тэрбум, урсгал зардлыг 404 тэрбум, орон нутгийн сангийн зардлыг 52.3 тэрбум төгрөгөөр тус тус нэмжээ.
Чөлөөлөгдсөн хөрөнгийн хамгийн том хэсэг буюу 310 тэрбум төгрөгийг түлшний нөөц бүрдүүлэхэд зарцуулна. Мөн шатахууны үнийн өсөлтөөс үүдсэн нийтийн тээврийн нэмэлт зардалд 32 тэрбум, хот тохижилтод 29 тэрбум, өвөлжилтийн бэлтгэлд долоон тэрбум төгрөг хуваарилжээ. Мөн он дамжин хэрэгжиж байсан зарим бүтээн байгуулалтыг урагшлуулж, энэ онд багтаан ашиглалтад оруулах боломжтой таван сургууль, нэг цэцэрлэг, долоон байршлын автозамын санхүүжилтийг тусгав.
Ингэснээр нийслэлийн 2026 оны төсвийн нийт зарлага 6.5 их наяд төгрөг, орлого 2.5 их наяд төгрөг болж байна. Төсвийн тодотголын бүтцээс харахад энэ удаа нийслэл шинэ төсөл эхлүүлэхээс илүүтэй өмнө баталсан хөрөнгө оруулалтаа эрэмбэлж, яаралтай шаардлагатай гэж үзсэн чиглэлд төвлөрөхийн илүүд үзжээ. Өөрөөр хэлбэл, хэдхэн сарын өмнө трамвай, олон улсын арга хэмжээний санхүүжилт гол сэдэв болж байсан бол зуны дунд үе гэхэд түлшний нөөц, өвөлжилтийн бэлтгэл, нийтийн тээврийн үйл ажиллагааны зардал илүү чухал асуудал болж хувиржээ.
Рэгзэдмаа ЭРДЭНЭЧИМЭГ
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-06-23





