"Бөөрөлжүүтийн ЦС"-ын II блокийг 12-р сард ашиглалтад оруулна www.eguur.mn
Эрчим хүчний салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн засварын ажлын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.
2025 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 69 зуухнаас ажилд 24, бэлтгэлд 20 байгаа бөгөөд 25 зууханд засварын ажил хийгдэж байна. 49 турбогенератороос ажилд 23, бэлтгэлд 13 байгаа бөгөөд 13 турбогенераторт засварын ажил хийгдэж, системийн горим ажиллагаа хэвийн, төлөвлөгөөт засварын ажлууд графикийн дагуу хийж байна.
Эрчим хүчний салбарын нийт 45 компанийн хэмжээнд 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах үндсэн болон туслах тоноглолын их засвар, техник зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явц 50 хувийн гүйцэтгэлтэй буй.
Эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжиж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах, БНХАУ-аас шаардлагатай тохиолдолд чадал импортлох боломжийг бүрдүүлэх, 220 кВ-ын хуваарилах байгууламжийн барилга угсралтын ажлыг өвлийн ачаалал эхлэхээс өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.
Улаанбаатар хотын дулаан хангамжийн системд схемийн өөрчлөлт хийж “ДЦС-3” хангаж буй хүчин чадлаас 50 Гкал/ц-ыг нь “ДЦС-4”, “Амгалан дулааны станц”-д шилжүүлэхээр болжээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
Нийтэлсэн огноо2025-07-31