"Алт 3" аян гацаанд оров www.itoim.mn
Дэлхийн зах зээл дээр алтны ханш түүхэн дээд хэмжээнд хадгалагдсан хэвээр байна. 2025 он гарсаар алтны ханш 20 орчим хувиар өссөн бол жилийн өмнөхтэй харьцуулахад 35 хувиар өсөөд байгаа юм. Дэлхий улс орнууд ч алтны олборлолтоо нэмэгдүүлэх арга хэмжээ, хөтөлбөрийг эрчимжүүлж буй. Монгол Улсын Засгийн газраас "Алт-3" аян хэрэгжүүлэхээ зарлаж, 3 тонноос дээш нөөцтэй алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулна гэдгээ мэдэгдсэн. Харамсалтай нь, "Алт-3" аян гараан дээрээ гацлаа.
УИХ-аас 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагалдуулан "Алт-3" аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний УИХ-ын тогтоолын төслийг баталсан.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны долдугаар сарын 9-ний өдөр Улсын их хурлаас баталсан “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй байна гэдэг үндэслэлээр хэсэгчлэн хориг тавив.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд хоёр үндэслэлээр хориг тавьсан.
Нэгд. Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг нэмэгдүүлэх бодлого баримтлах ёстой.
Хоёрт. Монгол Улсын Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэх нь зүйтэй гэжээ.
УИХ Ерөнхийлөгчийн хоригийг чуулганы үед ажлын 14 хоногийн дотор хэлэлцэх дэгтэй байдаг. Сая Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы чөлөөт цагт хориг тавьсан учраас УИХ-ын ээлжит болон ээлжит бус чуулган зарлан хуралдах үеэр хамгийн эхэнд хэлэлцэх асуудалд багтаах дэгтэй. Тиймээс "Алт-3" аяныг хэрэгжүүлэхтэй холбоотой зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын намрын чуулган эхлэхээр хэлэлцэнэ гэсэн үг. УИХ-ын намрын чуулган 2025 оны есдүгээр сарын 15-наас эхлэх товтой. Хэрвээ наана нь УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулахаар болбол мөн хэлэлцэх боломжтой.
Тэгэхээр "Алт-3" аяны хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажил, үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал ирэх ес, аравдугаар сард хүртэл хуулийн гацаанд орж, үндсэндээ алт олборлолтод ахиц гарахааргүй харагдаж байна.
2025 оны эхний хагас жилийн байдлаар Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 23 хувиар буурч, хагас жилд 6 тонн алт худалдан авсан. Хэрвээ "Алт-3" аяны хүрээнд зарим үндсэн ордын үйл ажиллагааг идэвхжүүлбэл оны эцэст алт тушаалт 20 тоннд хүрэх боломжтой гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголбанк тооцоолж байв.
2024 онд Монголбанк 17 тонн алт худалдан авсан бөгөөд энэ нь валютын нөөцийг ойролцоогоор 1 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн байна. Тиймээс л 2025 онд алтны үнэ өсөж байгаа таатай үеийг ашиглан алт олборлолтыг эрчимжүүлэх замаар алтаар баталгаажсан валютын нөөцөө нэмэх зорилготой ажиллаж байсан. Гэвч эдийн засгийн эргэлтэд оруулах зарим үндсэн орд нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байгаа зэргээс үүдэн "Алт-3" аяныг хэрэгжүүлэх тогтоол гацаж, үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил удаашралтай байх бололтой.
BY
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2025-07-31