Засгийн газар: Улаанбаатар хотын дулаан хангамжид схемийн өөрчлөлт хийнэ www.itoim.mn
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны долоодугаар сарын 30-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа.
2026 оны төсөв хүний хөгжил, боловсролыг дэмжих төсөв байх ёстойг Ерөнхий сайд онцлоод иргэд, татвар төлөгчдийн саналыг тусгахыг үүрэг болгов
Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг боловсруулах ажлын явцын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Төсвийн ерөнхийлөн захирагч нар 2026 оны төсвийн саналаа Төсвийн тухай хуульд заасны дагуу долоодугаар сарын 25-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох бусад байгууллагад хүргүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны төсвийн төслийг боловсруулахад хуульд заасны дагуу олон нийтийн оролцоог хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо.
Төсвийн тухай хуульд заасны дагуу Засгийн газар төсвийн хэлэлцүүлгийг иргэдийн оролцоотой, ил тод нээлттэй хийнэ. Төрийн мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө л гэж бий. Төсвийн шинэчлэл, хэмнэлт, хөрөнгө оруулалтын бодлогыг ард иргэд, татвар төлөгчдөөсөө асууж, санал авч шийдвэрлэнэ. 2026 оны төсөв хүний хөгжил, боловсролыг дэмжих төсөв байх ёстойг гэдгийг Ерөнхий сайд онцлоод ирэх наймдугаар сарын 1-нээс олон нийтийн хэлэлцүүлгийг хоёр долоо хоногийн хугацаанд зохион байгуулах, санал асуулгад иргэд, татвар төлөгчдийн оролцоог хангаж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад анхаарууллаа.
Хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэн эрэмбэлж, төсвийн орлого нэмэх, нийгмийн ач холбогдолтой төслийг төсвийн төсөлд тусгаж Засгийн газрын хуралдаанд танилцуулна.
Эрчим хүчний салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн засварын ажлын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.
өдрийн байдлаар дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 69 зуухнаас ажилд 24, бэлтгэлд 20 байгаа бөгөөд 25 зууханд засварын ажил хийгдэж байна. 49 турбогенератороос ажилд 23, бэлтгэлд 13 байгаа бөгөөд 13 турбогенераторт засварын ажил хийгдэж, системийн горим ажиллагаа хэвийн, төлөвлөгөөт засварын ажлууд графикийн дагуу хийгдэж байна.
Эрчим хүчний салбарын нийт 45 компанийн хэмжээнд 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах үндсэн болон туслах тоноглолын их засвар, техник зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явц 50 хувийн гүйцэтгэлтэй байна.
Эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжиж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хоёрдугаар блокийг энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах, БНХАУ-аас шаардлагатай тохиолдолд чадал импортлох боломжийг бүрдүүлэх, 220 кВ-ын хуваарилах байгууламжийн барилга угсралтын ажлыг өвлийн ачаалал эхлэхээс өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Улаанбаатар хотын дулаан хангамжийн системд схемийн өөрчлөлт хийж “ДЦС-3” хангаж буй хүчин чадлаас 50 Гкал/ц-ыг нь “ДЦС-4”, “Амгалан дулааны станц”-д шилжүүлнэ.
Эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг төлөвлөсөн хугацаанд чанартай хийж дуусгахаар ажиллаж байна.
Товч мэдээ
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд байгуулсан "Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал"-ыг хэрэгжүүлэх хүрээнд "Монгол-Хятадын Экспо" арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах, удирдан чиглүүлэх, төр, хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгууллаа. “Монгол-Хятадын Экспо" тав дахь удаагийн арга хэмжээ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод ирэх сарын 25-30-нд болно.
"Эрчист Монгол" ХХК-ийн харьяа төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг зах зээлийн зарчимд нийцүүлэх зорилгоор засаглалыг сайжруулах, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх замаар үр ашгийг нэмэгдүүлэх, бүтээмжийг сайжруулахад чиглэсэн 100 хоногийн хугацаанд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Эрчим хүчний компаниудын ТУЗ-ийг цөөлж, зардлыг бууруулах, үр ашиггүй зардлыг хэмнэх зорилгоор тус төлөвлөгөөг боловсруулжээ.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, шинээр байгуулах хэлэлцээрийн төслийг боловсруулж, танилцуулахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, "Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2013 оны 370 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, үйл ажиллагааг эрчимжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хоорондын "Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгчийн газар байгуулах тухай хэлэлцээр"-ийн төслийг хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) 2026 оны наймдугаар сарын 17-28-нд Монгол Улсад болно. Тус хурлыг зохион байгуулах ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий Үндэсний хорооны ажлыг эрчимжүүлэх тухай Засгийн газрын тогтоол гарлаа.
Нийтэлсэн огноо2025-07-31