ДЦСV-ыг барих компани ирэх сарын 6-нд тодорно www.news.mn
Монголын үе, үеийн Засгийн газар мөрийн хөтөлбөртөө Тавдугаар цахилгаан станц барих асуудлыг тусгаж ирсэн. Харамсалтай, өнөөг хүртэл уг станц баригдаагүй, цаасан дээрх мөрөөдлийн төсөл хэвээрээ байна. Иймээс Ерөнхий сайд Г.Занданшатар эрчим хүчний салбарынхантай уулзахдаа "Эрчим хүчний салбарынхан нэг асуудалд анхаарч ажилламаар байна. Салбарт тулгамдаж байгаа нэг асуудал бол эрчим хүчний болон дагалдах бусад хууль эрх зүйн орчиндоо өөрчлөлт оруулж, дахин сайн боловсруулж Засгийн газарт танилцуулах хэрэгтэй байна. Ялангуяа Концессын хуульд өөрчлөлт оруулах замаар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах боломжтой байгаа. Салбарынхан дотроо ашиг сонирхлын зөрчилтэй, цаана нь нэг үл үзэгдэх хүчин үйлчилдэг. Жишээлбэл, Тавдугаар цахилгаан станцын асуудал байна. Энэ станцын ажил 1987 онд таван жилийн төлөвлөгөөнд орж байсан цагаас хойш 2008-2012 оны Засгийн газрын үед өөрсдөө хөрөнгөө гаргаад барих шийдвэрийг гаргаж байсан. Гэтэл өөр нэг төсөл гаргаж ирээд зогсоочихдог. Эсвэл шүүхдээд зогсоочирдог. Ингээд эрчим хүчний хараат байдалд байлга гэсэн юм шиг ашиг сонирлын зөрчил байж болохгүй. Хэсэг бүлгээрээ хуваагддаг. Монголд сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц байхад огт ашигладаггүй. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унаж, эрэлт буурч байна. Энэ цаг үед бид цахилгаан станцуудаа байгуулж, нүүрсээ жинхэнэ хар алт болгох боломж байна. Гадаадаас маш өндөр үнээр худалдаж авдаг импортоо бууруулах боломжтой. Манай улс үндсэндээ 200 сая ам.доллараар гадаадаас цахилгаан эрчим хүч импортолж байна. Энэ мөнгөөр V цахилгаан станц барих бүрэн боломжтой байхад шүүхдээд унагаачихдаг. Үүний цаана ямар асуудал байгааг хууль хяналтын байгууллага анхааралдаа авах хэрэгтэй” гэж байр сууриа илэрхийлсэн.
Ямар ч байсан урт, удаан настай уг станцыг барих ажлыг энэ удаад НЗДТГ хариуцаж байгаа аж. Тодруулбал, Засгийн газрын 2024-2028 оны мега 24 хөтөлбөр, нийслэлийн дэд бүтэц хөгжлийн бодлогод эрчим хүчний шинэ эх үйсвэр болох Дулааны тавдугаар станцад нийт 600 сая ам.долларыг төсөвлөсөн. Энэ хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадал бүхий шинэ станцыг барихаар сонгон шалгаруулалтыг зарлажээ.
Дулааны тавдугаар станцыг барих урьдчилсан шалгаруулалтад гадаад, дотоодын найман компани саналаа ирүүлснээс дөрөв байгууллагыг “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль”-ийн шаардлагыг хангасан гэж үзсэн. Үүнд, “Шунхлай холдинг” ХХК, “Митайм Интернэшнл” ХХК болон “Чайна уэстэрн повер индастриал” ХХК нар шалгарсан аж.
Сонгон шалгаруулалтад тэнцсэн “Шунхлай холдинг” нь "Эрдэнэт" үйлдвэрийн дата төвийн тоног төхөөрөмжийн сонгон шалгаруулалтад 2023 онд ороод хасагдаж байсан. Тэгвэл “Митайм интернэшнл” ХХК болон “Чайна уэстэрн повер индастриал” ХХК хувьд сонгон шалгаруулалтад оролцож байсан удаагүй. Төр, хувийн хэвшлийн журмын үнэлгээг 60-аас дээш хувиар хангасан гэх болзлоор дараагийн шалгаруулалтад орох болсон гэнэ.
Дулааны тавдугаар станц хамтын ажиллагаа, хариуцсан мэргэжилтэн н.Өлзийдэлгэрээс энэ талаар тодруулахад “Дулааны тавдугаар станц нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн 17 дугаар зүйлд заасан төслийн үе шатууд болон төслийн урьдчилсан шинжилгээ, бүрэн шинжилгээ хийгдсэн. Урьдчилсан сонгон шалгаруулалтад нийт найман байгууллагаас дөрөв сонгон шалгаруулагч санаа илгээсэн, тэднээс нэг нь хасагдсан. Хасагдсан байгууллага нь гадна талын битүүмж, тэмдэглэгээний шаардлага хангаагүй үүднээс оролцох боломжгүй болсон. Сонгон шалгаруулалтад оролцсон байгууллагын санхүүгийн чадамж болон техник технологи чадавхыг журамд заасан үнэлэх аргачлын дагуу харж 60-аас дээш оноо авсан байгууллага үлдлээ. Тодруулбал, Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан хувийн хэвшлийн түншлэгч болон зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах журам болон холбогдох баримт бичгийн дагуу зохион байгуулсан” гэлээ.
Хоёрдугаар шатны шалгаруулалтыг ирэх сарын 6-нд тодруулах агаад ДЦСV-ыг хэн барих нь тодорхой болох юм байна.
Уг цахилгаан станц шинээр ашиглалтад орсноор Таван шар, 21-р хороолол, Хилчин хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол болон нэгдүгээр хорооллыг дулаанаар хангах юм. Станцын бүтээн байгуулалтыг 2025 оны сүүлээс эхлүүлж, 2028 онд ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж.
Харин төслийг хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтыг хүмүүсийн амралт, зугаалгын үетэй давхцуулж байгаа нь багагүй хардлага дагуулж буй. Ялангуяа хотын дарга Х.Нямбаатар сүүлийн үед хятадуудтай илтэд сүжрэх болсон ингэж хардах үндэслэл болж байгаа аж. Тиймээс эрчим хүчнийхэн 600 сая ам.долларын санхүүжилттай уг төсөлд хятад компани шалгарч магадгүй гэж болгоомжилж байна. Учир нь, “Чайна уэстэрн повер индастриал”-ийн толгой компани болох "Хуаши энержи" компанийн ТУЗ-ын дарга Ли Рэнчао нь хөрөнгө мөнгө завшсан хэрэгт холбогдож байсан. Мөн "Хуаши энержи" ихээхэн өр ширтэй гэх мэдээлэл ч цацагдсан билээ.
А.ТАМИР
Нийтэлсэн огноо2025-07-31