Хүний нутагт биеэ цэгнэж, нэрээ хичээхийн учир их www.eagle.mn
Тохиолдол 1. Монгол Улсын иргэн Япон улсад аялах үедээ хулгай хийж баригджээ. 36 настай эмэгтэй Н.Х нь ту улсаж аялж байхдаа 81 настай Америк жуулчны үүрч явсан цүнхнээс 10,000 орчим иен /230 мянган төгрөг/ хулгайлсан нь баригджээ. Тус улсын цагдаагийн байгууллага хэргийг шалгаж, хулгайн гэмт хэргээр сэргийлэхийг ард иргэддээ анхааруулсан байна.
Тохиолдол 2. Япон Улсад ур чадварын дадлагажигчаар ирээд удаагүй найман монгол иргэн, үндсэн ажилтнаар ажиллаж байгаа гурав гээд нийт 11 иргэн хоорондоо танилцах зорилгоор 2025 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр амьдрах байрны нэг өрөөндөө нийллэг зохион байгуулжээ.
Тэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс хоорондоо муудалцан, нэгэндээ хүч хэргэлэн танхайрч, ноцтой гэмтэл учруулсан байна. Тус хэргийг Точиги мужийн Канамү хотын Цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд Элчин сайдын яам тус асуудлын мөрөөр илгээгч байгууллага болон хүлээн авагч байгууллагатай холбогдон ажиллаж байна.
Тохиолдол 3. БНСУ-ын Сөүл хотын Гванжи дүүрэгт өчигдөр зургаадугаар сарын 6-ны 11:40 цагт зам тээврийн осол гарч, Монгол улсын иргэн 40 настай “А”-г саатуулсан байна. “А” нь авто машин жолоодох үедээ осол гаргаж хэргийн газраас зугтаасан байжээ. Улмаар Цагдаагийн газраас хэргийг шалгах явцад иргэн “А” буцаж ирж хэргээ хүлээсэн байна. Тэрбээр таван тонн даацтай том оврын машин жолоодож явах үедээ зам тээврийн осол гарган зугтаасан хэргээр саатуулагдаад байна. Улмаар шалгалтын явцад том оврын автомашин жолоодох үедээ согтууруулах ундаа хэрэглэж хөдөлгөөнд оролцсон нь тогтоогдсон гэдгийг тус улсын хэвлэл, мэдээллийн байгууллагууд мэдээлсэн юм.
Энэ бол монголчууд гаднын улсад гэмт хэрэг, зөрчилд холбогдсон сүүлийн хоёр хүрэхгүй сарын мэдээлэл. Үүнээс өмнөхийг нь дурдаж сийрүүлэхэд цаас ч, цаг ч дутна. Түүнчлэн дээрх нь цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, элчин сайдын яам болон олон нийтийн сүлжээгээр дамжуулан олон нийтэд ил болсон хэрэг, зөрчил. Цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй, бүртгэгдсэн ч олон нийтэд ил болоогүй энэ төрлийн асуудал нүд, чихнээс дард хэчнээн болж буйг тааж хэлэхэд бэрх.
Жилд 1000 гаруй гэмт хэрэг
Монгол Улсаас нийт 106534 иргэн гадаадад шилжин суурьшсан талаарх судалгааг Үндэсний статистикийн хороо (ҮХС)-ноос гаргасан байна. Эдгээр иргэдийн 44.3 хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэг бол 36 хувь нь суралцаж буй. Хүйсийн хувьд, 46.1 хувь нь эрэгтэй, 53.9 хувь эмэгтэй. Мөн олонх нь суралцаж, хөдөлмөрлөх идэвхтэй насаа харьд өнгөрөөж буй. Тодруулбал, 40.8 хувь 20-34 насныхан, 30.6 хувь нь 35-49 насныхан байна. Гаднын улсад амьдарсан хугацааг нь судалж үзэхэд, олонх нь хоёроос дээш жил болжээ. Тоо сөхвөл, 40 хувь нь хоёроос таван жил, 28.6 хувь нь зургаан жил, 9.6 хувь нь нэг жил, 2.8 хувь нь зургаагаас дээш жил амьдарсан байна.
Эдгээр иргэд гэмт хэрэг, зөрчилд холбогдох тохиолдол цөөнгүй гарч байна. Тухайлбал, Монгол Улсын 46000 орчим иргэд БНСУ-д ажиллаж амьдарч байгаагаас дийлэнх хувийг 20-45 насны иргэд эзэлж байна. Тэгвэл сүүлийн таван жилийн дунджаар авч үзэхэд жилд ойролцоогоор 1000 гаруй гэмт хэрэгт Монгол Улсын иргэд холбогдсон байна. Энэ нь Монгол Улсын аймгуудад жилд дунджаар бүртгэгддэг гэмт хэргийн тооноос даруй хоёр дахин их тоон үзүүлэлт юм.
Дан ганц БНСУ-д ч бус Япон, Авсрали гэхчлэн монголчууд олноороо байдаг улс орнуудад дээрхийн адил гэмт хэрэг олноос бүртгэгддэг. Тиймдээ ч элчин сайдын яамнаас гэмт хэрэгт өртөхөөс, үйлдэхээс сэргийлэх болсон. Тухайлбал, Япон дахь Монголын Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг ч гаргаж байв. Сэрэмжлүүлэгт "Сүүлийн үед Япон Улсад зорчигч монгол иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр монгол иргэд хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулагдах тохиолдол олширч, улмаар Япон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж, нийгмийн сүлжээгээр тархаж, Монгол Улсын нэр хүндийг унагах болов. Нөгөөтөйгүүр Япон Улсад зорчиж байхдаа монгол иргэн түрийвчтэй мөнгө, эд зүйлсээ хулгайд алдсан тохиолдол ч нэмэгдэв.
Дэлгүүрээс бараа хулгайлах, мөнгө түрийвч суйлах, орон байрны хулгай хийх зэрэг нь Япон Улсын Эрүүгийн хуулийн 235 дугаар зүйлд заасан хулгайн гэмт хэрэгт тооцогддог бөгөөд 10 жил хүртэлх хорих ял эсвэл 500 000 иен хүртэл торгууль гэсэн хүнд ялтай хэрэг юм. Японы дотоодод сэкьюрити камерын болон дохиолол, энгийн хувцастай цагдаа нарын хяналт, аж ахуйн нэгж, иргэдээс тавих хяналт өндөр байдаг тул хулгай хийвэл заавал баригдах бөгөөд тухайн үедээ баригдалгүй өнгөрсөн ч гэсэн хувь хүнийг ёс зүйн доройтолд оруулж, илүү хүнд хэрэгт унагаах аюултай билээ.
Иймд иргэд хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй, хулгайд өртөхгүй байх үүднээс биеэ зөв сайн авч явах, өөрийн эд зүйлсээ сайтар хамгаалж, хянах, гэмт хэргээс сэргийлэх мэдлэг, ухамсараа дээшлүүлэх, сэжигтэй үйлдэл, нөхцөл байдлыг анзаарсан тохиолдолд яаралтай цагдаа болон холбогдох байгууллагад мэдэгдэх, хууль дүрэм, аюулгүй байдлыг чандлан сахихыг уриалж байна. Бидний уриалгыг зөвөөр ойлгон, өөрийн болон эх орныхоо нэр төрийг хамгаалан, хууль журмыг хатуу сахин биелүүлэх тал дээр хамтран ажиллана гэдэгт итгэж байна" гэсэн байсан юм.
Монгол хүн эх орондоо хүн гэх агуулгаараа аж төрдөг ч хил давсан л бол хувь хүн бус монгол хүн гэх үнэлэмжийг хамт авч явдаг. Нэг монгол гэмт хэрэгт холбогдлоо гэхэд иргэн тэр тийм хүн гэхээс илүү монголчууд ийм, тийм гэж үзэгдэнэ. Үнэлэгдэнэ. Тиймээс хүний нутагт биеэ цэгнэж, нэрээ хичээж явахын учир их.
Нийтэлсэн огноо2025-06-12